Мэдээ, мэдээлэл

ИХ ГОВИЙН ТЭМЭЭНИЙ БАЯР ӨРГӨН БОЛЛОО

“Их говийн тэмээний баяр-2011” Говь-Алтайн тэмээчдийн 7-р их наадам 2011 оны 11 дүгээр сарын 26-27ны өдрүүдэд Алтай хотод өргөн дэлгэр болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн “Алтайн хөгжил 21-р зуун ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн “Алтайн эрин сан” Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэж, Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААЖДҮГ зохион байгуулсан энэ удаагийн их говийн тэмээний баярт 18 сумын 201 тэмээчин, 602 тэмээтэйгээ оролцсон байна.
      Амар амгалангийн бэлэгдэл болсон энэ аварга амьтан Монгол түмний буян заяаг тэтгэсээр, тээсээр иржээ. Говь-Алтай аймаг тэмээнийхээ тоогоор улсад байнга айргийн тавд багтаж байдаг. Сүүлийн жилүүдэд тэрэг техник өргөн хэрэглэх болсноор тэмээгээ унаж ачин, эдлэх нь эрс багасч ноос, сүүг нь л ашиглаж, хүнсэнд хэрэглэх болсноор тоо толгой нь хорогдсоор байгаа нь нууц бишээ.
      Иймд тэмээний сүү, сааль, ашиг шимийг өргөн ашиглаж, ноосыг нь боловсруулан чанартай бүтээгдэхүүн хийх, тоо толгойг өсгөхөд иргэд малчдын анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор нийтийг хамарсан “Их говийн тэмээний баяр”, Алтайн тэмээчдийн наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Энэ удаагийн наадам “Алтайгаа хамтдаа хөгжүүлье!” уриан дор тэмээний сүү ,сүүн болон ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар эхэллээ. Алтай нутгийн тэмээчид маань сүүлийн жилүүдэд ингэний сүү, тэмээнийхээ ноосоор олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэд олон түмний хэрэгцээнд нийлүүлдэг болсон нь нэлээд эрэлттэй зүйл болсоор байна. Үзэсгэлэн худалдаанд 18 сумын 92 үйлдвэрлэгч 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 16 сая 682,000 төгрөгний борлуулалт хийсэн байна. Энэ жилийн наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг Төгрөг сумын “Асралт буурал хайрхан” хоршооны ингэний сүүн бүтээгдэхүүн хүртлээ. Шилмэл сүүн бүтээгдэхүүний эзнээр Цээл сумын Б.Соёлмаа тэргүүлж, Бигэр сумын Б.Оюунчимэг, Халиун сумын“Говийн-Ундраа” хоршоо 2-3 дугаар байрыг эзэллээ. Харин шилмэл ноосон бүтээгдэхүүнээр Шарга сумын Б.Баасандуламын ноосон эдлэл түрүүлж, Есөнбулаг сумын Д.Сэлэнгээ, Баян-Уул сумын Б.Санчирсүрэн нарын бүтээгдэхүүн удаалжээ. Тэмээний ганган хэрэглэлээр Цогт сумын Д.Чанцал тэргүүлж, Алтай сумын “Буурал аж богд “хоршооны бүтээгдэхүүн , Дэлгэр сумын Я.Цэвэлмаагийн урласан хэрэглэл 2-3 дугаар байранд шалгарсан байна.
      Тэмээний баярын үеэр болсон нэг томоохон арга хэмжээ бол Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч, МУЗГ-ын 17 дахь ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсаны хүрэл хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт байлаа. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ч.Улаан нар болон аймгийн удирдлагууд, хөшөөг урлан бүтээгчид, Жасрай агсаны үр хүүхэд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл зэрэг олон хүмүүс оролцлоо.
      Алтайн тэмээчид их наадамд оролцогчдын хүндэтгэлийн тэмээн жагсаал Шүтээний өндөрлөгөөс эхлэн аймгийн төвийг наран зөв тойрч төв цэнгэлдэхэд орж ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж хүлээн авсан юм.
      “Их говийн тэмээний баяр-2011” Говь-Алтайн тэмээчдийн 7-р их наадам ёслол төгөлдөр эхэлж, түрүүлсэн тэмээчдээ шагнаж алдаршуулах, хурдан ат, торомны уралдаан, буухиа тэмцээн, сайхан тэмээтэй ганган хос, тэмээний сэдэвтэй ерөөл магтаал, дуу, шүлэг, шилмэл ингэ, буур шалгаруулах гээд олон чиглэлээр өрнөлөө.
      Энэ удаагийн Их говийн тэмээний баярын хурдан атны уралдаанд 136 ат уралдааны замд гарснаас Бигэр сумын Б.Эрдэнэтулгын хөх ат түрүүлж, Цогт сумын П.Цог-Эрдэнийн улаан ат удаалж, Эрдэнэ сумын Ц.Дамдины шар ат гуравт хурдалж, Халиун сумын Н.Цогбаярын хөх ат , Цогт сумын Б.Батсайханы шар ат 4-5-д ирсэн байна. Мөн 42 тором уралдсанаас Бигэр сумын М.Чинбатын хөх тором түрүүлж, Дэлгэр сумын М.Мэндбаярын улаан тором, Цээл сумын В.Дүгэрсүрэнгийн хүрэн, Цогт сумын Ц.Наранхүүгийн улаан, Дэлгэр сумын Г.Лхажавын бор тормууд эхний тавд хурдалсан байна. Тэмээний буухиа уралдаанд Эрдэнэ сумынхан түрүүлж, Тайшир, Дэлгэр сумын тэмээчид 2,3- р байр эзэллээ.
      Сайхан тэмээтэй ганган хосоор Цээл сумын Ц.Гансүх, Н.Нансалмаа нар шалгарч, Жаргалан сумын Ө.Баян-мөнх, Б.Алтанчимэг нар хоёр, Есөнбулаг сумын Н.Доной, Б.Сэлэнгээ нар гуравд оржээ.
      Тэмээний баярын нэг гол үзүүлбэр нь тэмээний сэдэвтэй дуу, ерөөл, магтаал, бүжиг шалгаруулах ажил байдаг. Энэ удаагийн баярын шилдэг ерөөлчөөр Халиун сумын Х.Эрдэнэжаргалан шалгарч, Есөнбулаг сумын Д.Бат-Эрдэнэ, Баян-Уул сумын Д.Атарбаян нар 2,3-р байр эзэллээ.
      Шилдэг бүжигчнээр Шарга сумын Э.Алтайбаатар шалгарч, Эрдэнэ сумын бүжгийн хамтлаг 2-т, Халиун сумын Ц.Болдбаяр 3-т орсон байна. Дууны төрөлд Эрдэнэ сумын Д.Батбаяр түрүүлж, Бугат сумын А.Төртогтох, Есөнбулаг сумын Д.Насанжаргал нар удаалсан байна.
      Сүүлийн үед тэмээчид тэмээнийхээ угсаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг болжээ. Тэмээний баярын үеэр хоорондоо наймаа солилцоо хийхийн зэрэгцээ өөрийн ингэ, буураа бусдынхтай жишин харьцуулах зэргээр бүтээлч үйл ажиллагаа явуулдаг болсон гэнэ. Энэ жилийн тэмээний баярын шилмэл буур шалгаруулалтанд 39 буур орсон байна. Тэднээс Шарга сумын Ж.Мөнхдалайгийн хар буур шилмэлээр шалгарч, Цээл сумын Б.Ганзоригийн бор буур, Төгрөг сумын О.Жаргалсайханы хүрэн буур, Бигэр сумын Б.Мөнхдалайгийн улаан буур, Баян-Уул сумын Д.Батцэнгэлийн хар буур удаах байруудад оржээ.
      Шилмэл ингэний шалгаруулалтанд 75 ингэ орсноос Цээл сумын С.Лхагваагийн хөх ингэ түрүүлж, Төгрөг сумын Б.Хадбаатарын хар, Халиун сумын Х.Лувсандоржийн хар, Төгрөг сумын Т.Чулуунбаатарын хүрэн, Шарга сумын Т.Тайваны хүрэн ингэнүүд удаах байруудыг эзэллээ. Дээрх уралдаан, тэмцээн шалгаруулалтанд байр эзлэгсэд, идэвхтэй оролцогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Говь-Алтай аймгийн шилдгийн шилдэг тэмээчин 10 лангийн мөнгөн буйлын эзнээр Шарга сумын тэмээчин С.Алтансүх тодорч шагнал гардлаа. Нэгдсэн дүнгээр Шарга сум 70.7 оноогоор түрүүлж Цээл сум 69.8 оноогоор, Бигэр сум 67.7 оноогоор, Цогт сум 63.8 оноогоор, Халиун сум 62.8 оноогоор тус тус эхний таван байрыг эзэлж Төгрөг сум 62.0 оноогоор, Эрдэнэ сум 59.5 оноогоор тусгай байруудад шалгарлаа.
      Монгол улсыг тунхагласан өдөр болон “Их говийн тэмээний баяр-2011” наадмын хүрээнд төрөл бүрийн салбарын тэргүүний ажилтнаар 12 хүн шагнагдсаны зэрэгцээ аймгийн шилдэг тэмээчин хүндэт өргөмжлөлийг 5 тэмээчин гардлаа. Тэмээний баярт МУСТА дуучин Д.Намсрайноров, П.Идэржавхлан, Г.Эрдэнэтунгалаг нар ая дуугаа өргөн нэгэн оройг дуу хуурын эгшгээр үдэж тэмээний баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.