Wednesday, November 16, 2011

Шарга-Манханы байгалийн нөөц газар

Хамгаалалтад авсан үндэслэл
Өвөрмөц, үзэсгэлэнт газар нутгийн унаган төрх, ховор ан амьтад, ургамал бүхий байгалийн бүлгэмдлийг дархлан хамгаалах нь соёл, шинжлэх ухааны нэн ач холбогдолтой. Тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газрын ангилал нь байгалийн тодорхой баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, экологийн тэнцвэрийг хадгалах зорилготой байдаг.  Монгол бөхөнг хамгаалах зорилгоор Монгол орны баруун хэсэг дэх бөхөнгийн хоёр популяцийн байршил нутгийг 1993 оны УИХ-ын 83-р тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтанд авчээ. Шарга-Манханы байгалийн нөөц газар нь Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг,
Тонхил, Дарви, Халиун сумдын нутгыг хамарсан Шаргын говийн хэсэг, Ховд аймгийн Буянт, Манхан сумын нутгыг хамарсан Манханы хэсэг гэсэн хоорондоо холбоогүйт 200-аад километр зайтай тусгаарлагдсан нийт 390071 га талбайг хамарна. Монгол улсын засгийн газрын тогтоол шийдвэрээр Шарга-Манханы байгалийн нөөц газрын хил хязгаар, зорилго, эрх, үүрэг, үйл ажиллагаа, хамгаалалтын үндсэн зарчмыг тогтоож өгсөн байна Шаргын байгалийн нөөц газрын үндсэн зорилго нь: Говь, цөлийн хөрс, ургамал, амьтны иж бүрдлийн анхны төрх байдлыг хэвээр нь хадгалах ялангуяа монгол орны унаган зүйл монгол бөхөнгийн популяцийг хамгаалах, өсгөн үржүүлэх,  Байгаль орчин хамгаалахтай холбогдсон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд ач холбогдолтой судлагдахуун болох
Газарзүйн онцлог
Шаргын говь нь Монгол алтайн уулсын төв хэсэг рүү түрж орсон, Шаргын цагаан нуурыг тойрсон хужир марз бүхий хотгортой, цөлөрхөг, чулуу хайргархуу хөрс бүхий тэгш тал газар бөгөөд ландшафтын бүс, бүслүүрийн зүй тогтол богино зайд тод илэрдэг онцлогтой бүс нутаг юм. Шаргын хотгор нь урд талаараа Монгол Алтайн гол нуруу, баруун хойт, хойт талаараа Даривын нуруу, зүүн хойт талаараа Хасагт хайрхан түүний салбар уулсаар хүрээлэгдэх ба эдгээр уулсаас буусан сайруудаар хэрчигджээ. Ерөнхийдөө өргөрөгийн дагуу суналттай боловч дундаж өндөр нь 1700 метр байдаг. Тухайлбал Даривын нурууны бэлд 1500 - 1750 м, зүүн ба урд талаараа 1650-2000 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Энэ байдал нь ландшафтын хэв шинжүүдийн бүслэг байдлаар тархахад нь зохих ёсоор нөлөөлнө.
Шарга-Манханы байгалийн нөөц газрын ерөнхий байдал
Шаргын хотгорт нь ихэвчлэн хужирлаг гадарга дээр тогтсон элс элбэг үзэгдэх ба энэ хэсэгт молцог, довцог элс голлоно.Төхөмийн булаг орчмын элс, Давсан сондог, Арсайн сондог, Алаг толгойн арын элс, Олон булаг орчмын элсний хуримтлалууд нь цөм хужирлаг гадарга дээр тогтсон байна.
Уулын дээд болон дундаас доош хэсгээс эх аван урсах жижиг гол, горхийг эс тооцвол томоохон гол мөрний сүлжээ байхгүй. Уулаас эх авсан ус хотгор луу гармагц шингэж алга болно. Манай орны бүх голын хамгийн их урсац хаврын цасны үер, зун намрын хур бороотой үед хоёр удаа ажиглагддаг зүй тогтолтой байдаг (Ш.Цэгмид). Энэ зүй тогтлын дагуу хавар, зуны улиралд усны хэмжээ нэмэгдэх хэдий ч удаан хадгалагдаж хотгорын доод хэсэгт хүрч чаддаггүй. Монгол Алтайн гол нурууны ар биеэс эх аван урсах гол горхинуудаас Хүрэн гол, Цангилах, Цахир, Толь, Цох, Махт, Бургасны гол, Хөх духны булаг, Тунгалаг, Дарвийн нурууны өвөр талд Хацавч, Шагшиг, Баачуу, Тажгар, Дарвийн нурууны ар талд Овоот, Аръяа Ус, Ямаатын булгууд болон Хөх морьт сумын Товгор булагт бөхөн, хар сүүлт усанд орно. Шаргын говь талдаа Тунгалаг, Төхөм, Өгөөмөр, Хүйсийн говь талдаа Шинэ Ус, Задгай, Далан түрүү гэх зэрэг ундрага сайтай булгууд бий. Эдгээрийг түшиглэн айлууд тогтмол нутагладаг. Мөн Шаргын говьд Ихэс, Шарга зэрэг жижиг хэмжээний гүехэн, давсархаг нууруудтай. Эдгээр нууруудын усны эрдэсжилт их тул бөхөн ашигладаггүй. Их нууруудын хотгорт орших Шаргын говь нь хөрс, агаарын хуурайшилт ихтэй говийн шинж байдал ноёрхдог. Энэ нь тус бүс нутаг далай тэнгисээс алслагдсан Төв Азийн гүнд орших тул баруун ба баруун хойт зүгээс ирэх Атлантын болон Умард мөсөн далайн чийглэг агаарын урсгал Европ, Азийн өргөн уудам нутгийг дайран өнгөрөхдөө u1095 чийгээ алдаж ирдэгийн улмаас орох хур тунадас хомс байдагтай холбоотой юм (Жамбаажамц, 1987). Агаарын температурын ерөнхий явцаас үзэхэд 2 дугаар сараас дулаарсаар 7 дугаар сард хамгийн их хэмжээнд хүрч 8 дугаар сараас буурсаар 1 дүгээр сард хамгийн их хүйтэн болдог байна. Зуны улиралд дундад өргөрөгийн чийг багатай агаарын урсгал баруун ба баруун өмнөөс шилжин ирдэг нь дээрх хотгоруудад хур тунадас бага орж, дулааны хангамж их байх үндсэн нөхцөл болно. Харин
хотгоруудтай хил залган орших өндөр уулын бүсэд дулааны хангамж бага, хур бороо харьцангуй их орно. Тодруулбал өндөршлийн хэмжээ нэмэгдэх тутам агаарын температур сэрүүсч, чийгшлийн хэмжээ нэмэгддэг байна. Энэ бүс нутагт салхины дундаж хурд 1.2-2.7 м/с байх ба 3 дугаар сарын сүүлчээс 5 дугаар сарын эх, 8 дугаар сарын сүүлчээс 9 дүгээр сарын эцэс хүртэл салхитай өдрийн тоо олон, салхины хүч их байна. 15 м/с-ээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дунджаар 15.3- 19.8 байна. Шаргын говьд зонхилох салхины чиг баруун, баруун өмнөд зүгээс байх ба олон жилийн дундаж хурд 4-6 м/с, Манханы хөндийд баруун, баруун өмнөд, өмнөд зүгээс байх ба олон жилийн дундаж хурд 2-4 м/с байна. Чийгшлийн хэмжээ харьцангуй бага буюу жилд 50-100 мм байна. Зарим дулаан жилд харьцангуй чийгшил 10 хувь хүртэл буурах тохиолдол ч бий. Чийгийн хангамж бага байх явдал ургамлын ургах хугацаанд сөргөөр нөлөөлдөг.
Ургамал, амьтны аймгийн тойм
Шаргын говийн ургамалжилтын онцлог нь Их нууруудын хотгорын ургамалжилтын ерөнхий зүй тогтолтой төсөөтэйгээр ургамлын бүлгэмдлүүд хотгорын доод хэсгээс зэргэлдээх уулс хүртэл өндөршлийн дагуу үелэн тогтсон байдаг. Шаргын говь, Манханы хэсэгт ургамлын Дэрс-бударгана-улаан бударгана, Давжаа заг, Баглуур, Хялгана-баглуур, Заримдаг сөөгөнцөр-сайрын хялгана, Таана, баглуур- Сайрын хялгана зэрэг бүлгэмдэл зонхилдог. Сайрын хялгана, таана сонгино, хөмөл сонгино, баглуур, шар бударгана, улаан бударгана, заг, сухай, хармаг зэрэг ургамал
зонхилон ургана.
Ургамлын аймгийн төлөөллөөс
Шаргын хотгорт Хүрэнгийн голын хөндий, Хатны худаг, Бага Дарви, Жаргалантын нурууны бэлд хар сүүлтий байршдаг. Уг нутагт саарал чоно, шар үнэг улирал (намар, хавар)-ын байдалтай гүйдлээр тохиолддог. Харин шилүүс мий, цоохор ирвэс ууландаа байдаг. Махчин шувуудаас бүргэд, тас тухайлбал Цармын бүргэд, талын бүргэд, тас байршдаг.
Монгол бөхөн
Шарга-Манханы байгалийн нөөц газрын голлох амьтан нь монгол бөхөн юм. Монгол бөхөн Дэлхийн байгаль, байгалийн нөөцийг хамгаалах олон улсын холбооноос (IUCN, 2002) гаргасан улаан номонд нэн ховор гэсэн категорит, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай олон улсын конвенцийн (CITES) II хавсралтад (1995) буюу хатуу чанд хяналтан дор худалдаалах амьтдын жагсаалтад бүртгэгдсэн.
Монгол улс бөхөнг 1930 оноос эхлэн хуулиар агнахыг хориглон дархан цаазтай амьтны тоонд оруулсан. Мөн “Монгол улсын Улаан ном”-ын 1987, 1997 оны хэвлэл, 1995 оны шинэчлэн найруулсан Ан агнуурын тухай “Монгол улсын хууль”-иар нэн ховор ангилалд оруулан агнахыг хатуу хориглосон.
Ардын нэр: Татаар бөхөн, монгол бөхөн, хорхой бөхөн
Шинжлэх ухааны нэр: Saiga tatarica mongolica L., 1758
Амьдрах орчин: Уулын бэлийн жижиг хайргархаг хатуу дагжуур хөрстэй сайрын хялгана, говийн хялгана (Stipa glarioza, S.gobica) зонхилсон цөлөрхөг хээр, уулс толгодын таана-монгол өвст, баглуур-монгол өвст цөлөрхөг хээр, ялихгүй хэвгий тал нутгийн баглуурт цөл, чулуурхаг говийн баглуур монгол өвст цөл гэсэн 4 биотопд харьцангуй тогтвортой байршдаг.
Тархац нутаг: Монгол бөхөн түүхэн тархац нутгийнхаа 20-30 хувьд буюу Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талын 1668241.4 га нутагт тархан байршиж байна. Хар Ус нуурын өмнөд хэсэг Өөшийн говьд эх популяцаас тусгаарлагдсан тусгаар популяци хязгаарлагдмал нутагт байршдаг (зураг 1).
Ороо нийллэг: Ороо нийллэг 12 сараас 1 сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Ороо нийллэгийн үед бөөгнөрч сүрэг дэх толгой тоо олширдог.
Төллөлт: Монгол бөхөн 6 дугаар сарын эхнээс төллөж эхлэн сарын сүүл, дараа сарын эхний арав хоногт дуусах боловч төллөх хугацаа тухайн жилийн цаг агаарын байдал, ногооны гарц сөлөөс шалтгаалан 1-3 долоо хоногоор хэлбэлзэнэ. Олон жилийн судалгаагаар монгол бөхөнгийн шаргагчны ихэрлэлт 18 хүртэл хувь байдгийг тогтоосон байна.
Идэш тэжээл: Монголд энэ зүйл туруутны идэш тэжээл судалсан мэдээ нэн хомс. Оросын нэрт эрдэмтэн А.Г.Банников (1954) монгол бөхөнгийн идэш тэжээлийн бүрдэлд оролцдог 13 зүйл ургамал тэмдэглэсний дотор үндсэн тэжээл нь говийн хялгана (Stipa gobica), таана сонгино (Allium polyrrhizum), хөмөл сонгино (Allium mongolicum), ахар навчит баглуур (Anabasis brevifolia) зэрэг 3-4 зүйл ургамлыг голлон сонгож u1080 иддэг гэжээ.
Тоо толгой: 1960-аад оноос 1990-ээд он хүртэл 300-1600 толгой бөхөн зөвхөн Шаргын говьд байршиж байв. 1990-ээд оноос монгол бөхөн тархац нутгаа Хүйсийн говь руу тэлж 2000 он хүртэл тогтвортой өсөн тоо толгой 5200-д хүрсэн. Харамсалтай нь 2001, 2002 оны ган зуд, хүйтэн өвөл тэрчлэн хулгайн ангийн нөлөөгөөр популяцийн 50 гаруй хувь хорогдож 2007 оны байдлаар Шарга, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талд нийт 2800 орчим монгол бөхөн үлджээ. Манханы популяци 1982 онд 130 гаруй бөхөнтэй байснаа 1983-1984 оны зуднаар 30 хүрэхгүй үлдэж, 1993 онд 70 гаруй, 1998 оны судалгаагаар 44-48, 2007 оны судалгаагаар 15 толгой болтлоо буурсан байна.
Гол аюул занал:
Бэлчээр нутгийн доройтол: 1990 оны эхээс мал хувьд шилжсэнээр малын тоо толгой хэт өссөн. Үүний улмаас бэлчээрийн даац хэтэрч, ус, бэлчээрийн хомсдлыг үүсгэсэн. Бог мал бөхөнтэй ус бэлчээрийн хувьд хамгийн ихээр давхцдаг бөгөөд энэ нь хавар, намрын улиралд хамгийн өндөр байдаг.
Хууль бус агнуур: Монгол бөхөн нэн ховордож цөөрсөн, үлдсэн цөөн бөхөн өсөхгүй байгаа нэг гол хүчин зүйл бол хулгайн ан юм. Монголчууд ахуй хэрэгцээндээ бөхөнгийн мах, арьсыг ашигладаггүй, харин эврийг Дорно дахины эмнэлэгт дотор халуун бууруулах, бөөр, савны өвчин анагаах зорилгоор хэрэглэдэг. Хулгайн анчид нь бөхөнгийн сүргийг автомашин, мотоциклоор хөөж бахардуулах, хүчтэй гэрлээр гялбуулан том тарган ооныг нь шилэн хяддаг нь зөвхөн тоо толгойг цөөрүүлэх төдийгүй сүргийн бүтэц нас хүйсний харьцааг эвдэж, сувайрах, хээл хаях, байршлаа
алдан сарних зэрэг олон талын муу нөлөө үзүүлдэг.
Байгаль цаг уурын хүндрэл: Бөхөнгийн популяцийн байршил, тоо толгойд нөлөөлөгч байгалийн хүчин зүйлд ган, зуд голлох сөрөг нөлөөг үзүүлдэг. Монгол бөхөнгийн түүхэн тархац нутгийн хүрээнд сүүлийн 35 жилд 1977, 1984, 1996, 2002 онуудад хамгийн хүйтэн өвөл болсон байна. Дээрх цаг уурын хүндрэлтэй жилүүдийн 1984, 2002 онуудад болсон зуднаар Монгол бөхөнгийн популяци 70-80 хувь нь өлдөж, осгож үхсэн

No comments: