Хамгаалалтад авсан үндэслэл
Цөлийн бүсийн эмзэг экосистемийг унаган төрхөөр нь, нэн ховордсон амьтан ургамлыг амьдрахорчинтой нь хамгаалахын сацуу, түүх, соёлын өвийг хамгаалах, танин мэдэх, зохистой ашиглах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор Говийн Их дархан цаазат газрыг 1976 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 283 дугаар зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авсан билээ.
Алтайн өвөр говь нь хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөнд бага өртөж унаган төрхөөрөө хадгалж үлдсэн говь цөлийн экосистем бөгөөд амьтан, ургамлын зүйлийн бүрдлийн хувьд дэлхийн ач холбогдол бүхий онцгой газарт тооцогдоно. Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох мазаалай, хавтгай, хулан, хар сүүлтий, аргаль, янгир зэрэг хөхтөн болоод жороо тоодог, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад
орших энэ нутгийн олон улсын ач холбогдлыг нь харгалзан 1991 онд ЮНЕСКО-ийн шийдвэрээр Олон улсын шим мандалын нөөц газрын сүлжээнд хамруулсан билээ.
Говийн Их дархан цаазат газар нь “А, Б” гэсэн хоёр хэсгээс тогтох ба нийтдээ 5.3 сая га талбайг эзэлж талбайн хэмжээгээрээ дэлхийд 15-д ордог байна. Говийн Их дархан газрын хэсэг тус бүрт хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа ба “А” хэсгийн хамгаалалтын захиргаа нь Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн төвд байрладаг. Говийн Их дархан газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа нь Говийн Их дархан газрын “А” хэсгийн зэрэгцээ Хасагт Хайрхан уулын дархан цаазат газар, Ээж хайрхан уулын дурсгалт газрын хамгаалалтыг мөн хариуцан ажилладаг байна.
Газарзүйн онцлог
Говийн Их дархан цаазат газрын “А” хэсэг нь Төв Азийн хэт гандуу, эрс, тэс уур амьсгалтай, цөлийн бүсэд хамаарах ба энд ил задгай ус ховор, ургамалан бүрхэвч сийрэг, ядмаг, хүн, мал нутаглахад тохиромжгүй зэлүүд нутаг бөгөөд Эдрэнгийн нуруунаас баруун өмнө зүг улсын хил хүртэлх u1085 нутгийг хамарна. Байгалийн мужлалаар Төв Азийн өндөрлөг тал, хотгор, уулт их мужийн Алтайн өвөр говийн бэлэрхэг уул, тал, хотгорын мужийн Алтайн өвөр говийн баруун хэсгийн хэт гандуу цөлийн дэд мужид багтдаг. Хойд талаараа Эдрэнгийн нуруу, урд хэсгээрээ Атас, Ингэс уул, Цагаан богд зэрэг баруунаас зүүн тийш үргэлжилсэн уулстай, төв хэсгээрээ Номингийн говь, Шаргын говь зэрэг өргөргийн дагуу сунаж тогтсон томоохон хотгоруудтай. Гадаргын үнэмлэхүй өндөр далайн түвшнээс дээш 1000-2000метрийн хооронд хэлбэлзэнэ. Номингийн говь нь Монгол орны хамгийн халуун хуурай цөл нутгийн нэг бөгөөд ургамалан бүрхэвч бараг байхгүй, булаг шанд, ан амьтангүй, амьдралгүй эзэнгүй цөл нутгийн нэг юм. Уулс хоорондын томоохон хөндий, Зүүнгарын говийн үргэлжлэл болох Номингийн говь, Шаргын говь нь ихэнхдээ элэгдлийн талархаг гадаргатай бөгөөд, жижгэвтэр аараг толгод, нам уулс гүвээрхэг гадарга мөн элбэг тохиолдоно. Говийн их дархан газрын баруунаас зүүнээ чиглэн тогтсон урт урт хотгорууд бол эртний их гүн ан цав бөгөөд эртний галт уулсын эвдэрч үйрсэн хүрмэн чулуу үлэмжхэн байдаг. Тус дархан газрын “А” хэсгийн төв дундуур баруун, зүүнээ чиглэн сунаж үргэлжилсэн Атас, Ингэс, Зүүн тооройн нуруу, Зараа хайрхан зэрэг их уулсаас хойш Эдрэнгийн нурууны өврөөр, мөн баруун, зүүнээс чиглэн сунаж орших уул, нуруу, шил сэрвэн, оорцог, уул толгод зэрэг бий. Энэ нутагт дундад төрмөлийн эринд хурдас их хурж тогтсоны дээр гуравдагч галавын сүүлч, дөрөвдөгч галавын эхэн үеийн уул тогтох хөдөлгөөнд өргөгдөөгүй учир хурдас их зузаан тогтжээ. Уур амьсгалын хувьд Говийн их дархан цаазат газар нь Монгол орны хамгийн халуун хуурай, хур тунадас багатай нутгийн нэгэнд тооцогддог. Усзүйн сүлжээгээр Төв Азийн гадагш урсгалгүй ай савд хамаарна. Алтайн өвөр говь Монгол орны төдийгүй
дэлхийн хэмжээнд усан баялагаар хомс бүсэд тооцогдоно. Говь цөлийн бүсийн хамгийн чухал экосистем бол баянбүрд юм. Энд цөлийн амьдралын эх үүсвэр, бөөгнөрөл байдаг гэж болох бөгөөд ургамал, амьтны аймаг нь бараг баян бүрдээр тодорхойлогдоно. Дархан цаазат газрын нутаг дэвсгэрийн говь, цөлийн ландшафтын амьдралыг гүний усаар тэжээгдэх цөөн хэдэн баянбүрдүүд тэтгэж байна. Говийн их дархан газрын “А” хэсэгт Богц цагаан дэрс, Баруун тооройн булаг, Шар хулс, Цагаан бургас, Хөшөөт, Мазаалайн шанд, Эхийн гол, Хатан суудлын ус, Ламын тоорой, Ингэн хөөвөр, Мянган тоорой, Манхан булаг зэрэг булаг шандууд бий. Говийн Их дархан газарт цөлийн саарал болон хэт хуурай цөлийн борзон хөрс зонхилно. Аж богд, Цагаан богд, Эдрэнгийн нуруу зэрэг уулархаг газраар хөрсний босоо бүслүүрийн гандуу хуурай хэв шинж тодорхой хэмжээгээр илэрнэ. Аж богдын нурууны доод, дунд биеэр цөлөрхөг хээрийн бор, цайвар хүрэн хөрс тархахаас гадна оройд нь өндөр уулын нугат хээрийн хөрс тохиолдоно. Бусад уул нуруудаар нимгэн чулуурхаг цөлөрхөг хээрийн бор хөрс голлон тархана. Цөлийн бүсэд ус чийг туйлын хомс, хур тунадас бага унадаг, өвөл хүйтэн, улирлын хөлдөлт 4 сар гаруй хугацаагаар үргэлжилдэг учраас хөрсөн дэх биологийн үйл явц маш хязгаарлагдмал. Зуны хур борооны үед хөрсний дээд нимгэн үе чийглэгдэхэд биологийн үйл явц эрчимтэй u1103 явагдах нөхцөл бүрдэх авч түүний үргэлжлэх хугацаа богино байна.
Амьтны аймаг
Алтайн цаадах говийн амьд байгаль хэдийгээр тодорхой хэмжээгээр хомс боловч Төв Азийн хэт гандуу цөлийн онцлогийг төлөөлсөн өөрийн өвөрмөц онцлог бүхий амьтан ургамалтай. Энд Төв Азийн говь, цөлийн унаган төрхийг хадгалсан дэлхийд ховордсон, Олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон мазаалай, хавтгай, хулан, хар сүүт, ирвэс, аргаль, янгир зэрэг ан амьтны өлгий нутаг юм. Алтайн өвөр говийн жигүүртний аймгийн гол цөмийг цөлийн чогчоохой, цөлийн зэржигэнэ, тарчигнаа зэржигэнэ, монгол хулан жороо, бялзуумар, загийн бор шувуу болон бусад говь цөлийн хатуу ширүүн нөхцөлд сайн зохицсон суурин юмуу өндөглөн зусдаг нүүдлийн болон экологийн уян хатан чанар ихтэй эврибионт зүйлүүд бүрдүүлнэ.
No comments:
Post a Comment