Хамгаалалтанд авсан үндэслэл
Хасагт Хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Баян-Уул, Тайшир сумдын нутагт Их Нууруудын хотгор руу гүн түрж орсон Алтайн салбар уулсын нэг билээ. Энэ уулын буга, аргаль, янгир, ирвэс зэрэг ховор ан амьтдын өлгий нутаг бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг хамгаалах зорилгоор 1965 онд онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар зарлигаар дархан газар болгожээ. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулжээ. Талбайн хэмжээ нь 27448 га. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцан явуулдаг.
Газарзүйн онцлог
Хасагт Хайрхан бол Алтайн гол нуруунаас Шарга, Хүйсийн говиор тусгаарлагдан нилээд зайдуу оршихын дээр Хангайн уулархаг мужид арай ойр дөт боловч бас л Завхан голын уудам хөндий, Гүзээн- Тээлийн буурц хотгороор тусгаарлагдана. Ийнхүү уудам хотгорын гүнд орших бдаювч өндрийн ачаар тэнд уулсын босоо бүсшил тод илэрсэн өвөрмөц ландшафтыг бүрдүүлнэ. Хасагт Хайрхан нь эгц цавчим хажуутай, хурц шовх оргилтой 2 зэрэгцээ нуруунаас бүрдэх бөгөөд хойтохыг Хасагт Хайрханы нуруу, өмнөхийг Гурван Богдын нуруу гэнэ. Хасагт Хайрханы ноён оргил Хасагт Богд уул (3578 м), түүний залгаа Дунд Хасагт Хайрхан (3471 м), Зүүн Хасагт Хайрхан (3540 м) байхад Гурван Богдын нурууны Богд (3200 м), Дунд Богд (3522м), Зүүн Богд (3340 м) өндөртэй байна. Эдгээр нурууд нь гүн хавцал, ам хөндийгөөр олонтоо зүсэгдсэн хадат шовх оргил, байц цохио, үхэр чулуут сайр, мөстлийн мөлгөр чулуун дайрга, нуранги асга бүхий Алтайн сүрлэг
уулсын дүр төрхийг агуулсан ан амьтан, араатан жигүүртэн шивээлсэн гоо үзэсгэлэнт баян тансаг нутаг билээ. Хаcагт Хайрханы шохойн чулуу, гантиган уулсад том жижиг агуй хонгил цөөнгүй бий. Хасагт Хайрханы ноён оргилууд их төлөв кембрийн түрүү, хожуу үеийн хувирмал занар, цахиурлаг занар, хувирмал элсэн чулуу, мөлгөр хөрзөн, доломит, алевролит, андезит, цагаан занар зэрэг эртний хурдас чулуулгаас голлон тогтжээ. Хасагт Хайрхан уул нь ус зүйн сүлжээгээр баян юм. Гол
оргилуудаас эх авсан олон оргил, гүн хавцал хөндийгөөр урсах ба уулсаас буухдаа бэлийнхээ хурдасанд шурган замхарна. Хасагт Хайрханы уур амьсгалын бүрдэлтэд нэг талаас говийн уур амьсгал баруун өмнө зүгийн хуурай бүлээн агаар, нөгөө талаас умард зүгийн чийглэг сэрүүн агаар тус тус нөлөөлнө. Хөрс ургамалшилын хувьд босоо бүсшил үүсгэдэг. Хасагт Хайрханд нэг талаас говийн уур амьсгал баруун өмнөд зүгийн хуурай бүлээн агаар, нөгөө талаас умард зүгийн чийглэг сэрүүн агаар тус тус нөлөөлнө. Хасагт Хайрханы хилийн дотор гадна нийтдээ 30-40 агуй байна.
Амьтны аймаг
Монгол Алтайн нурууны салбар уулсын ойтой хэсэг бөгөөд энд хангай, хээр тал, говь гурван бүсийн ургамал, амьтан хослон оршино. Хасагт Хайрхан уул нь амьтны аймгаар баян. Энэ ууланд Монгол Алтайд тархсан ховор амьтад нутаглана. Монгол улсын улаан номонд орсон буга, суусар, аргаль, янгир, хойлог, ирвэс, ёл бий. Мөн ойд хад асгаар шилүүс, цагаан үен, жирх, тагуудад цагаан ахууна элбэг байдаг. Иймч учраас дархлан хамгаалж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд буга янгирын тоо
өсөж байна.
Ургамлын аймаг
Хөрс ургамалжилтын хувьд босоо бүсшил үүсгэнэ. Гол ноёлогуудын оройн хэсэг өндөр уулын бүслүүрт багтах ба энд хөвдөт, хөвд-хагт уулын царам, бушилз-улалжит нуга, өвс ургамал ховортой нураг асга ээлжлэн оршино. Үүнээс доошлоод уулын нугын ба уулын нугат хээрийн бараан хөрстэй газраар бушилзат нуга, бушилз-ботуульт уулын хээр тохиолдох ба ургамлын бүрэлдэхүүнд мүгэз, авнис, шимэрс, ортууз, хувиланги, алтан гагнуур, алтайн жамьянмядаг зэрэг цэцэгт болон өвслөг ургамал элбэгшинэ. Уулын хээрийн бүслүүрт багтах уулын хар шороон, уулын хар хүрэн хөрстэй энгэр хажуу болон өндөрлөг газраар алаг өвс-ботуульт, алаг өвс-жижиг дэгнүүлт үетэн-ботуульт ургамалшилтай. Ар хажуу дагуудаа нилээд ойтой. Тухайлбал Хасагтын нурууны арын Улиастай, Аяга, Шанага, Цорго, Дэвхрэг, Хавчиг, Хуст, Цэцэрлэг, Согоот, Ар Хорго голуудын эхэн, дунд биеэр шинэсэн ой, Тэмээн хүзүү, Цагаанчулуут, Шатын эх, Битүү, Хорго, Зүүн хойт Улиастай голуудын эхэн, дунд саваар хэсэг бүлэг шинэсэн ой, хус, улиасан төгөлтэй. Ойд үхрийн нүд, тошлог гэх мэт жимсний бутнаас гадна жамъянмядаг, сэржмядаг, шар, хөх яргуй, хонхон цэцэг, холтсон цэцэг, дэгд, бамбай, сөд зэрэг цэцэгт ургамал, уулын хээрт агь, дааган сүүл, ерхөг, хиаг, хазаар өвс, нугын шимтэглэй, гишүүнэ, таван салаа, тарваган шийр, гичгэнэ зэрэг ургамалтай.
No comments:
Post a Comment