Wednesday, November 16, 2011

Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар

Хамгаалалтад авсан үндэслэл
Ээж хайрхан уул нь Алтайн өвөр говийн уудам зайд уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших пермийн галавын настай, цайвардуу ягаан өнгийн дунд ба жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон байгаль болон түүхийн дурсгал болсон хад чулуурхаг өнчин уул юм.
Энэ уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалттай болгож, 1995 онд УИХ- ын 26 дугаар тогтоолоор дурсгалт газрын ангилалд хамруулсан. Хамгаалалтын үйл ажиллагааг Говийн Их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хариуцдаг. Хамгийн өндөр цэг нь д.т.д 2274м. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц, ховор сонин үзмэрүүд олон байдаг ба байгалийн үзэсгэлэнг нэмсэн сонин тогтоц бол түүний зүүн өмнөд хажууд чулуулгийн гав судал дагаж цувран тогтсон ногоон хүрээтэй, 9 чулуун тогоо билээ. Тогоонуудын амсарын дундаж өргөн нь 2-3м бөгөөд хоорондоо 40- 50см өндөр чулуун босгоор нэг нь нөгөөтэйгээ холбогдоно. Эдгээрээс дээрээс дөрөв дэх нь хамгийн том нь бөгөөд түүний гүн нь 4м хүрдэг. Харин ес дэх тогоо нь бусдаасаа нэлээд тусгаарлагдмал.
Ээж хайрхан уул нь байгалийн төдийгүй түүхийн дурсгалт газар юм. Энэ ууланд хүн амьдарч байсан ул мөр бүхий сонирхолтой агуй бий. Эдгээрийн нэг нь есөн тогооны ойролцоо орших нүүрэн талыг нь битүүлж хаалга, гэгээвч гарган тохижуулсан ламын агуй юм. Түүхийн ухааны доктор Д.Очирбат удаан хугацааны турш сурвалжилсны дүнд Ээж уулын агуйд Ховог сайрын торгууд гаралтай Равдан гэгч лам 1923 оноос нилээд хэдэн жил амьдарч байсныг олж тогтоожээ.
Ургамлын аймаг
Ээж хайрхан уул нь уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших боржин чулуун уул бөгөөд 200 овог, 72 төрөлд хамаарах 93 зүйл ургамал тархсан нь энэ жижиг ууланд зүйлийн бүрдэл баялаг байгааг харуулна. Энэ нь Ээж хайрхан уулын бичил ландшафтын хэлбэр, олон янз байдал, геоморфологийн онцлогоос хамаарч экологийн өвөрмөц бичил орчнууд ихээр үүсэж бий болсонтой холбоотой.
Амьтны аймаг
Ээж хайрхан уул нь Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондын хотгорт орших бөгөөд аргаль, янгир, ирвэс зэрэг нэн ховор, ховор том хөхтөн амьтдын хоёр тийш нүүдэллэх коридор болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Энд аргаль, янгир, цоохор ирвэс, хар сүүлт, хавтгай, үнэг, чоно, хярс, мануул зэрэг амьтад тохиолдоно. Шувуудаас хахилаг, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл шувуу энэ уулын орчим тогмол болон түр байршин амьдардаг. Замба гүрвэл, төмөр гүрвэл, хонин гүрвэл, говийн гүрвэл, сум могой, бамбай хоншоорт
могой, тэмээн сүүл могой зэрэг мөлхөгчид бий.