Wednesday, November 16, 2011

Алаг хайрхан уулын байгалийн нөөц газар

Хамгаалалтанд авсан үндэслэл
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт орших Алагхайрхан уул нь Монгол Алтайн нурууны дунд хэсгийн өндөр уулсын нэг бөгөөд ховор, нэн ховор(вансэмбэрүү, юмдүүжин, сэржмядаг, бамбай), амьтдын (аргаль, янгир, ирвэс, хойлог) байршил нутаг юм. Сүүлийн жилүүдэд эмийн ургамлыг ихээр замбараагүй түүх явдал жилийн жилд нэмэгдэж, хүний үйл ажиллагааны нөлөөгөөр амьтан, ургамал ховордож байгаа учраас УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор ландшафтын иж бүрдлийг хамгаалах зорилгоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Нийтдээ 36400га талбайтай. Хамгаалалтын үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Бугат сум, Тахийн талд байрлах Тахь нутагшуулах эрдэм шинжилгээний төв хариуцан явуулж байна.

Газарзүйн онцлог
Алагхайрхан уул орчмын уулс нь ихэнхдээ тэгш хавтгай оройтой боловч өгөршлийн нөлөөгөөр тэгш гадаргуу нь эвдэрч шовх, эсвэл нарийхан зурвас хэлбэртэй болсон байдаг. Тус уулын хажуу эгц бөгөөд эртний мөстлийн үеийн мөсөн голын нөлөөгөөр үүссэн хунх, тэвшин хөндий элбэгтэй. Энэ нутаг нь Алтайн уулт өндөрлөгийн мужид багтдаг бөгөөд Дунд хайрхан, Бага хайрхан зэрэг салбар уулсаас тогтоно. Алаг хайрхан уулын ноён оргил нь 3738м өндөр, мөнх цастай, жилийн аль ч улиралд 30-90мм хүртэл тунадас унадаг. Алагхайрхан уулнаас Хөх сайр, Цахир, Босго, Хатуу, Улиастай зэрэг олон голууд эх авч урсдаг.

Амьтны аймаг
Энд өндөр уулын олон зүйлийн амьтад байдгаас ховорт тооцогдох аргаль, янгир, ирвэс, суусар, шилүүс, хойлог зэрэг хөхтөн, жигүүртэн элбэгтэй.
Ургамлын аймаг
Алаг хайрхан ууланд улаан номонд орсон ховор амьтад тухайлбал аргаль, янгир, ирвэс, суусар, шилүүс, хойлог тархснаас гадна вансэмбэрүү, сэржмядаг, эрээ гомбо, юмдүүжин, бамбай, нохойн хүшуу зэрэг эмийн ховор ургамал элбэгтэй.

No comments: